Сонгогчийн боловсролд

          

“Жорлонгоо өөрчилье” төсөл нь хөрс, ус, агаарын бохирдлын эх үүсвэр, гол хүчин зүйл болж буй нүхэн жорлонг өөрчилж, хүн байгальд ээлтэй, эдийн засгийн эргэлтэд орох боломжтой жорлон, ариун цэврийн байгууламжуудыг иргэдийн өөрсдийнх нь санаачилга оролцоотойгоор барьж байгуулах урам сэдлийг иргэдэд өгч, тэднийг бодит өөрчлөлтөд уриалах, иргэдэд хамгийн ихээр дутагдаж буй санхүү, технологийн шийдлүүдийг танилцуулж, мэдлэг мэдээллийг олгох зорилготой. Энэхүү төслийг “Нутгийн шийдэл” ТББ-аас хэрэгжүүлсэн бөгөөд 2018 оны эхнээс “Жорлонгоо өөрчилье” сургалтын баг Монгол улсынхаа хот, суурин газруудад ажиллаж 20 мянган км замыг туулан, нийт 47 удаагийн сургалт зохион байгуулж, түүндээ 3160 иргэдийг оролцуулсан байна. Сургалтын явцад оролцогчдын ойлгож авдаг гол зүйл нь “Би орон нутагтаа, ойр тойрныхноо бас сургаж, хамтдаа өөрчлөлтийг хийх явдал юм байна” гэсэн үзэл санаа ажээ. Энэхүү үзэл санаагаар жигүүрлэсэн орон нутгийн иргэд өөрсдийн сурч мэдсэнээ цааш түгээн, сум баг албан байгууллагууд руу чиглэсэн сургалтуудыг аймаг, дүүрэгтээ өөрсдөө зохион байгуулжээ.

          “Жорлонгоо өөрчилье” сургалтын багт нийт 11 сургагч багш, 2 чиглүүлэгч багш, 2 жолооч 1 зохион байгуулагч тогтмол ажилласан. Миний бие энэхүү сургалтын багт тодорхой хугацаанд сургагч багшаар ажиллаж найрсаг хамт олон дунд туршлага сууж, олон зуун хүнтэй танилцаж төслийн үзэл санааг таниулсан.