Бидэнд нам хэрэгтэй юу?
С.Цэнгүүн яагаад улс төрд орсон бэ? Яагаад заавал Ардчилсан нам гэж зэрэг асуултуудад хариулт өгөх цуврал нийтлэлүүдээ та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа билээ. Энэ удаад улс төрийн намын талаарх өөрийн ойлголт, Ардчилсан намыг төлөвшүүлэх байр сууриа илэрхийлье.
Манайд болохгүй, муухайгийн жишээнд улс төрийн намыг оруулан тооцох нийтийн хандлага ажиглагдсаар удлаа. Энэ нь ялангуяа залуучуудын хүрээнд улс төрөөс хүнийсэх буюу улс төрийг сонирхохгүй байх байдлаар илэрч байна. Тэгвэл ардчилсан нийгэмд улс төрийн нам ямар үүрэг гүйцэтгэдэг, ямар ач холбогдолтой вэ? Товчхондоо намууд төрийг буюу УИХ, түүгээр дамжуулаад засгийн газрыг нийгэмтэй холбодог гагнаас юм. Өөрөөр хэлбэл иргэд, нийгмийн бүлгүүдийн сонирхлыг нэгтгэн, тухайн хүсэл сонирхлыг бодлого болгон боловсруулж төрийн холбогдох бүтцэд илэрхийлж шийдвэр гаргуулдаг онцлогтой. Үндсэндээ нийтээр хүлээн зөвшөөрсөн Д.Истоний системийн онолын чиг хандлагатай би санал нэгддэг.
АНУ-ын улс төр судлаач Э.Шатшнайдер “Улс төрийн намууд ардчиллыг бүтээсэн ба орчин цагийн ардчиллыг намуудгүйгээр төсөөлшгүй” гэсэн нь намууд бүгд найрамдах засаглалын үед зайлшгүй гэдгийг илэрхийлсэн чухал санаа. Нам нь төр, засгийн эрх мэдлийг авах зорилготой буюу энэ үйл хэрэгт хүлээн зөвшөөрөгдсөн байдгаараа иргэний нийгмийн бусад байгууллагаас ялгардаг. Улс төрийн намууд төр, нийгмийг холбох, нийгмийн бүлгүүдийн сонирхлыг илэрхийлэх үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас хамгийн анх тавьсан асуудал буюу улс төрөөс хүнийсэх үзэгдэл бий болоод байна. Үүний найдвартай эмчилгээ нь нам төлөвших явдал юм.
Намын төлөвшлийг Улс төр судлаач, доктор Б.Эрдэнэдалай:
- Улс төрийн нам нь сонгуульд амжилттай оролцох
- сонгуулийн бус үед улс төрийн үйл ажиллагаа явуулж улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох
- намын бүтцийг тогтвортой ажиллуулах
- Үүний тулд тухайн улс төрийн намын бүх түвшний гишүүд намын шийдвэрлэх ёстой аливаа асуудалд санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, оролцдог, бүх төлөөлөх түвшний сонгуулиудад гишүүд нь эрх тэгш нэр дэвшин өрсөлдөх, нэр дэвшигчид саналаа өгөх, намын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах, хянах зэргээр намын үйл ажиллагаанд оролцдог хариуцлагатай гишүүдтэй байх нь намын төлөвшил, дотоод ардчиллыг тодорхойлно гэж дүгнэсэн байна.
Улс төрийн шийдвэр хувь хүнээс хамаардаг уу?
Сонгуулиар нэр дэвшиж сонгогдсон намын нүүр царай УИХ-ын гишүүний бие даан гаргасан санал намын удирдах түвшинд хэлэлцэгдэж төрийн шийдвэр болж байна уу? гэдгийг авч үзье. Ялангуяа сүүлийн 2, 3 удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар салбар бүрийн нэртэй, зүстэй олонд хүндлэгдсэн эрхмүүдийг аль аль намууд нэр дэвшүүлсэн. Энэ нь ч нэг талаар үр дүнгээ өгч сонгогчид тухайн хүмүүсийг сонгосон. Гэхдээ тэдгээр “мундаг” гэх тодотголтой нэр бүхий гишүүдийн УИХ дахь оролцоог харвал:
Эхний гишүүн: Бүрэн эрхийнхээ эхний 5 сард нь 3 хууль санаачилсан ч, цаашид таг чиг болсон. Нэмээд УИХ-д нийт 243 хуулийн төсөл хэлэлцэгдсэнээс 200 гаруйг нь зарим үед асуулт, байр суурь илэрхийлэлгүй дэмжсэн байна.
Хоёр дахь гишүүн: Мөн адил хэлэлцэгдсэн хуулийн төслүүдээс 150 гаруйг нь дэмжиж, 60 хуулийн төсөл батлахад байгаагүй байна. Энэ тоо, баримтуудаас үзвэл иргэдийн өндөр итгэл хүлээлгэн сонгосон “мундаг” гишүүд маань зүгээр нэг кноп дарагч биш биз? гэх хардлага төрөхөөр байна. Үүн дээр нэмээд аль алиных нь ирц хангалтгүй байгааг дурдах нь зүйтэй.
Эдгээрээс үзвэл хувь гишүүний бие даасан шинж чанар нь хууль тогтоох байгууллагад төдийлөн нөлөөлөхгүй байна. Уг бие даасан шинж нь мөн чанартаа намын шийдвэр гаргах бүтэцтэй шууд холбогддог. Энэ нь манайд элит намын хэв маяг төлөвшсөнтэй холбоотой. Францын судлаач М.Дюверже элит намын хэв маягийг дараах байдлаар тодорхойлжээ.
Элит намын онцлог:
- Намын бодлого, үйл ажиллагааг намын элитүүд хөтөлдөг;
- Удирдах албан тушаалтан нь нийгмийн дээд хэсэгт суурилдаг;
- Үзэл суртал нь тодорхой бус, гишүүнчлэл нь итгэл үнэмшил гэхээсээ элит дагасан шинжтэй гэжээ.
Элит намын гаргаж буй шийдвэр нь дээрээс доош шаталсан бүтэцтэй байдаг тул УИХ-д төлөөлөлтэй болсон ч тухайн гишүүн намаас хараат бус, бие даан санал гаргах, төрийн шийдвэрт нөлөөлөх боломж хязгаарлагдмал байдаг. Дээрх хоёр жишээнээс харвал, манай улсын намууд, тэр дундаа Монгол Ардын Нам нь үүсгэн байгуулагдаад 103 жилийн нүүрийг үзэж, урт хугацааны туршид удирдлагад нь маш их эрх мэдэл төвлөрсөн учир элит намын шинжтэй байна.
Улс төрийн намын хэлбэр, түүнтэй холбогдох ардчиллын асуудлууд
Улс төрийн нам нь төр, нийгмийн хооронд зуучлах гүүр болдгийнхоо хувьд намын тогтолцооны төлөвшлөөс шалтгаалж ардчилал хэр чанартай байх нь тодорхойлогддог. Тийм учир намын тогтолцооны талаар авч үзэх шаардлага урган гарч байгаа юм.
Судлаач П.Норрис намын тогтолцоог эрх зүйн зохицуулалтаар нь “монополь, картель, эгалитар” гэж гурав хуваасан байдаг.
- Улс төрийн тогтолцоонд нэг нам дангаар ноёрхон, хууль эрх зүйн орчин нь бусад намуудыг оршин тогтнох боломжийг хязгаарладаг хатуу хэлбэрийг монополь зохицуулалт гэнэ. Манай улс социалист нийгмийн үед энэхүү хэлбэрээр явж ирсэн;
- Олон намуудын өрсөлдөөнийг дэмжсэн, төрийн нөөц, дэмжлэгийг том жижиг, шинэ хуучин гэхгүй бүгдэд ижил тэгш хүртээмжтэй хүргэх, сонгуулийн хуудас дээр нам, нэр дэвшигчдэд шударга нөхцөлийг хангасан эрх зүйн хэлбэрийг эгалитар зохицуулалт гэдэг;
- Хүний ерөнхий эрхийг хүндэтгэдэг боловч парламентад суудалтай намуудад ашигтай, өрсөлдөөнийг хязгаарладаг, хуулиар эрх баригч намуудад давуу байдлаа хадгалж үлдэх нөхцөлтэй шударга бус хэлбэрийг картель зохицуулалт гэнэ.
Манай улсын намын эрх зүйн зохицуулалтыг картель хэлбэртэй гэж тодорхойлж болно. Учир нь энэ хэлбэрийн үед нам иргэний нийгмээс холдож төртэй гүнзгий сүлжилдсэнээр янз бүрийн төрийн санхүүжилт авах, эрх мэдлээ хадгалж авч үлдэхийн тулд том намууд хоорондоо хамтарч жижиг намуудыг шахан гаргах, өөрсдөдөө ашигтай хууль батлах гэх мэт үзэгдлүүдээр илэрдэг. Эдгээр шинжүүд манай улс төрийн намуудад илэрсээр байна.
Орчин үеийн намын хэв маягууд
Тухайн улсын төрийн тогтолцоо, намын эрх зүйн зохицуулалтаас шалтгаалан орчин үеийн шинэ намын хэлбэрүүд бий болсон. Улс төр судлаачид намын хэлбэрүүдийг дараах байдлаар ангилсан байна.
- Картель нам:
Уламжлалт улс төрийн намууд нь төртэй хэт хутгалдахын зэрэгцээ намын элитүүд нь нам харгалзахгүй холбогдож үзэл баримтлалын ялгарлыг бууруулдаг. Ингэснээр өөрт давуу байдал үүсгэхийн тулд Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлт хийх, сонгуулийн шинэ хууль батлах зөвшилцлийн хүрээнд ил тод байх ёстой тогтолцооны шинжтэй шинэчлэлийг хязгаарлагдмал хүрээнд өрнүүлдэг. Үр дүнд нь өрсөлдөөний зарчим хязгаарлагдаж, нэгэнт байр сууриа тогтоосон намууд бэхжиж, бусад жижиг намуудаа улс төрөөс шахаж, шинэ өрсөлдөгч орж ирэх боломжийг хаадаг байна.
Жишээ нь Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлтөөр гишүүдийн тоог 126 болгосон мөн сонгуулийг томсгосон тойрогт холимог хувилбараар зохион байгуулж байгаа нь эрх барьж буй нам өөрийн тоглоомын дүрмээр сонгуулийг зохион байгуулж эрх мэдлээ хадгалах зорилготой байгааг харуулж байна. Үүнээс гадна намын төлөвшлийг авч үзэхэд санхүүжилтийг зайлшгүй авч үзэх шаардлагатай. 2023 онд шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуульд: “Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно” гэж заасан.
Санхүүжилтийг олгохдоо:
УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгт (3300₮) үржүүлж, нэмээд УИХ-д суудал авсан бол тухайн намын авсан суудлын тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (16,500,000₮) үржүүлж олгоно.
Үүнээс үзэхэд УИХ-ын сонгуульд суудал аваагүй ч нийт сонгогчдын 1%-ийн санал авсан бол ойролцоогоор 59 сая төгрөг, харин том нам УИХ-д 50 орчим суудал аваад түүнчлэн нийт сонгогчдын 40%-ийн саналыг авлаа гэж үзэхэд 3 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар байна. Энэ нь улс төрийн намыг иргэний нийгмээс улам холдуулж, улам төртэй сүлжилдсэн картельжилтыг дэмжиж, чөлөөт өрсөлдөөнийг үгүйсгэх нөхцөл болох магадлалтай юм.
2. Клиентилист нам: Далд бизнесийн эсвэл зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хорших хэлбэрээр төрд ойртож, шийдвэрт нөлөөлөхийг оролддог онцлогтой. Ихэвчлэн өмнө нь ЗХУ-ын харъяанд байсан пост-коммунист орнуудад түгээмэл илэрдэг. Клиентилист намууд өөрийн шимэгч мөн чанараараа төрийн бүтцийг данхайлгах замаар нийгмийн баялгийг мөлждөг. Мөн энэ төрлийн намууд иргэний нийгмээс холдож, санхүүжилт нь иргэдийн хандиваас бус далд бизнесүүдээс бүрддэг.
Клиентилизм үүсэх нөхцөл:
Улс төрийн намууд далд бизнес болон төрийн захиргаатай тогтолцооны хүрээнд сүлжилдэж клиентилист ардчилал үүсгэж буй үндсэн шалтгаан нь посткоммунист тогтолцооны шилжилтийн үр дагавар, 1990 оноос хойших эдийн засаг, улс төрийн өөрчлөлт шинэчлэлүүд юм. Тухайлбал,
- Өмнөх нийгмээс өвлөгдсөн улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн зохист бус хамаарал
- Эрх баригч намын төрийн захиргаанд үзүүлэх өвлөгдсөн хүчтэй нөлөө
- Улс төрийн орчин дахь эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн тэнцвэргүй байдал
- Улс төрийн зусардагч соёл буюу хувийн холбоо сүлжээний нөлөөлөл
- Хүчтэй дундаж давхарга ба иргэний нийгмийн хомсдол
- Өөрчлөлт, шинэчлэлтийн эхэн үед санхүү, мэдээллийн нөөцийг атгаж байсан бүлгүүдийн эсрэг хангалттай дархлаагүй байдал
- Нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үе тэр дундаа хувьчлалаар улс төрийн намын зарим удирдлагууд өөрсдөдөө ашиг хонжоо олох нөхцөлийг бүрдүүлсэн.
Дээрх шалтгаануудаас харвал клиентилист харилцаа нь мөн чанартаа нийгмийн бүх асуудалд оролцдог, зах зээлд төрийн оролцоог дэмждэг, үүгээрээ төрийн бүтэц болоод төсвийг данхайлгаж цаг үргэлж авлига, хулгайг цэцэглүүлдэг байна.
Намууд 2024 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчдээ тодруулахдаа дотоод ардчилалтай байсан уу?
2019 оны Үндсэн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтөөр “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэж нэмсэн нь намуудыг илүү төлөвшүүлэх чухал эхлэл болсон. Энэхүү нэмэлтийн агуулгын хүрээнд 2023 онд улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үүнд намын дотоод ардчиллыг хангах, бүтэц, дүрэмд орох зохицуулалтыг тусгаснаас гадна УИХ-д суудалтай болон сонгуульд амжилттай оролцсон намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг олгох зохицуулалтууд орсон. Үүнээс энэ хууль үр дүнгээ өгч мөнгөний зүй бус нөлөөнөөс ангид, олны итгэл хүлээх нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөх баталгаа бий юу? гэсэн асуулт урган гарч байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэснээс шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.
Үүнд байгуулагдаад олон жил болсон, нэр дэвшигчид нь УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж буй намуудаас гэхэд
- Монгол Ардын Намын 3;
- Ардчилсан Намын 1;
- Үндэсний эвслийн 6;
- Иргэний зориг ногоон намын 11 нэр дэвшигч орсон байна.
Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд нарийвчлан тусгасан байдаг бөгөөд аль эрт хуулиар тогтоосон шаардлагад нийцээгүй хүмүүсийг нэр дэвшүүлсэн байгаа нь манай улсад намын төлөвшил хэр зэрэг байгааг илтгэх нэг шинж болж байна. Хамгийн их бүтэц сайтай, түүхтэй гэдэг МАН-ын жагсаалтын онцлох нэр дэвшигчид хэзээ намдаа элссэн бэ? Улс төрийн байр суурь, үзэл баримтлалын хувьд социал демократ чиг баримжаатай юу? гэх мэт олон асуудлууд нийгэмд хариултгүй үлдэж байна. Зарим нэр дэвшигчдийн хувьд өмнө нь мэдээллийн сайтад бичсэн нийтлэлдээ эрх баригч МАН-ыг хүчтэй шүүмжилж байсан бол өнөөдөр жагсаалтанд дээгүүр эрэмбэд байна. Энэ нь МАН хүртэл боловсон хүчнээ бэлтгэх тогтолцоогүй, нийгмийн хандлагад хөтлөгдөж байгаагийн илрэл юм. Бидний төлөвшсөн гэдэг нам дээр л ийм асуудал гарч байхад УИХ-д суудалгүй намуудад үүнээс ч олон асуудал байхыг үгүйсгэх аргагүй юм. Мөн манай улс төрийн намын тогтолцоо бүхэлдээ парламентын ардчиллын хэв ёсны соёлд бүрэн нийцээгүйг харуулж байна.
Нам бодлого, улс төрчдөө хэрхэн бэлтгэх ёстой вэ?
Улс төрийн нам нь бодлого боловсруулах, засгийн эрхийг авсан үедээ өөрийн бодлогоо төрөөр дамжуулж хэрэгжүүлэх үүрэгтэй учир дэргэдээ судалгааны байгууллагатай байх нь зүй ёсны шаардлага юм. Манай намуудад судалгааны байгууллага, нэгж байхгүй эсвэл хангалттай төлөвшөөгүйгээс намууд үзэл баримтлал, намын гишүүдийн саналаас үл хамааран ард олны дэмжлэгийг авахын тулд халамж нэмэх, мөнгө тараах “зүүн жигүүрийн популизм” газар авч байна. Нам өөрийн үзэл санаатай, дотоод ардчилалтай байх асуудлууд гишүүдтэй мөн холбогддог. Нам, иргэний нийгэм нь хүчтэй, улс төрийн соёл нь төлөвшсөн улсуудад намын дэргэд боловсон хүчнийг бэлтгэх, намын гишүүд болоод иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих, бодлогын судалгаа хийх тодорхой бүтэц ажилладаг байна. Ийм бүтэцтэй олонх улс оронд энэ бүтэц нь ихэвчлэн улсын төсвөөс санхүүждэг, мөн чанараараа улс төрийн намуудад үлэмж ойр байдаг иргэний нийгмийн бүтцийн шинжтэй байдаг. Энэ нь цогцоороо ажиллаж байж нэг улс төрч, бүлэг дагасан бус үзэл баримтлалдаа үнэнч гишүүд бий болж намдаа шахалт үзүүлэн цаг үеийн шинжтэй алдаа дутагдал, улс төрчийн буруу үйлдлүүдийг буруутгаж намаа үргэлж шинэчилж байдаг. Учир нь зөвхөн сайн боловсролтой иргэд л улс төрийн болон нийгмийн үйл явцад идэвхтэй оролцож чадна. Мөн мэргэшсэн улс төрч бэлтгэгдэж, хэрэгжихүйц бодлого, үйл ажиллагаа иргэдийн сонголтод ирдэг.
“Ардчилал байгаа бус, байнга бий болно” үүний томоохон хүчин зүйл бол намын төлөвшил юм. Нам өнөөгийн нөхцөлд байгаа үед тухайн намын улс төрч сайн, муу хүн байхаас үл хамаарч нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийг тогтвортой, үр дүнтэй бодлогын дагуу хэрэгжүүлэх боломж гарч ирэхгүй.