Төр нийгэмд хэр зэрэг оролцоотой байх вэ?
Нийгмийн сайн сайхныг хангах төрийн загварууд нийгэмд оролцох оролцооны түвшнээс хамаарч улс төрийн чиг хандлагын хувьд баруун болон зүүн гэж ангилагддаг.
Зүүний үзэл санааны үндсэн хандлага нь орчин цагт нийгмийн амьдралд гүн оролцох, хувьсгалын бус замаар, парламентын ардчиллаар дамжуулж социализм байгуулна гэсэн социал демократизм юм. Зүүний үзэл санааг таних маш энгийн. Үндсэн шинж нь чөлөөт зах зээлийн болоод хүчирхэг биеэ даасан хувь хүний эсрэг нийгмийн хандлагыг чиглүүлж байдаг. Түүнийгээ хэрэгжүүлэхдээ сул дорой гэж нэрлэгдэх нийгмийн бүлгүүдэд хуулийн зохицуулалтаар давуу тал олгох ба нийгмийн шударга ёс, хайр, энэрэл, нинжин сэтгэл гэх уриа лоозон барьдаг. Хувь хүний амьдралыг сайжруулахын тулд хэн нэгнийг үндэсний дайсан хэмээн цоллож “түүнийг л дарчихвал сайхан амьдрал ирнэ” гэдэг. Гэтэл хэзээ ч өнөөх ардын дайснууд нь дуусахгүй бөгөөд хэзээ ч амьдрал сайжрахгүй. Өнөөх том дарга нартай холбоотой гэр бүл, найз нөхөд нь тусгай эрх эдэлсээр л байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, тэтгэвэр нэмэх, ипотекийн зээл олгох, бүх төрлийн халамжийн бодлогууд болон гадаадын хөрөнгө оруулалтын босго тогтоох гэх мэт бодлогууд баримталсны үр дүнд чөлөөт зах зээл хумигдаж, хувийн өмчид халдаж, бүтээлч иргэд нь улсаасаа дайждаг. Мэдээж социал демократуудын шийдэл нь төсөв нэмж, бүтцээ данхайлгах. Зүүний үзлийн таних тэмдэг бол “Ард түмнийхээ төлөө нойр хоолгүй зүтгэх чин сэтгэлтэй үнэнч ардын хүүхдүүд бол бид”. Ингэж дуугарсан хүмүүс өнөөдөр яаж амьдарч байгааг эргэн сана.
Өнөөдрийн байдлаар 225,205 төрийн албан хаагч алба хашиж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын нийт хүн амын 6.67 хувь, нийт ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байна. Нэмээд 2020 онд улсын төсөв 13,9 их наяд байсан бол өнөөдөр 27,4 их наяд болтлоо өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувьд хүрчээ. Энэ их мөнгө, ажиллах хүчин нийгэмд ямар ч баялаг үйлдвэрлэдэггүй салбарт үүрлэсэн нь бидэнд тулгараад буй авлигын үндсэн шалтгаан юм.
Угтаа зүүний үзэл янз бүрийн нийгмийн анги бүлгүүдийн тэгш байдалд анхаарч, оюун санааны үнэт зүйлс, философийг материаллаг эд зүйлээс дээгүүр тавьж байгаагаараа сонсоход сайхан боловч чөлөөт зах зээлийн хэн хэндээ ашигтай арилжааг үгүйсгэж, баялаг бүтээх боломжийг хаадгаараа бодит үнэнтэй зөрчилддөг.
Тухайлбал, зүүний үзэл санаагаар улс төр-эдийн засаг болон нийгэм-соёлын хүрээнд тэгш байдлыг тогтоохыг гол зорилгоо болгохынхоо хувьд нийгмийн бүх асуудлуудыг шийдэх гэж оролдож өнөөгийн бидэнд тулгамдаад буй түгжрэл, утаа зэрэг асуудлуудыг үүсгэсэн. Угтаа эдгээр асуудлууд нь 30 жилийн турш зах зээлийн зарчмаас хазайж, амьдрахад өндөр өртөг шаардах хотын дэд бүтцийг үнэгүй шахам иргэдэд борлуулсан халамжит төрийн гай юм. Нью-Йорк, Токио, Сөүл зэрэг мега хотуудад амьдрах өртөг тухайн улсынхаа бусад хот, мужуудаас дор хаяж 30% хувиар их байдаг. Учир нь тэнд маш том дэд бүтэц ажиллаж байдаг.
Наанадаж эрчим хүч тэргүүтэй дэд бүтцийн салбаруудыг хувьчилдаггүй юмаа гэхэд зах зээлийн зарчмаар тог дулаанаа борлуулдаг байсан бол өнөөдөр эдгээр салбарууд ашигтай ажилладаг, ашигтай ажилласнаараа тогтмол техник технологийн шинэчлэл хийж, өвөл оргил ачааллын үеэр тог хязгаарлалт, харин зундаа халуун хүйтэн усаа таслуулах хэмжээнд хүрэхгүй байх байлаа ...
Гагцхүү үүнийг яаж шийдэх вэ? Төр зах зээлээс савраа тат! Чөлөөт зах зээлийн зарчимд итгэ. Иргэдэд өөрөө өөрсдийнхөө хувь заяаг гартаа авч, нийгэмд үнэ цэн бүтээх сонголтыг нь өг. Энэ бол маш урт хугацааны үйл явц. Гэхдээ төрийн оролцоог багасгах системийн шинжтэй эрчим хүчний болон төвлөрөлтэй холбоотой реформ хийхээс биш 12,000 айлын орон сууц, аль эсвэл метро бариад эдгээр асуудлууд шийдэгдчихгүй.
Хүмүүсийн нийтлэг итгэл үнэмшилд төр нийгэм дэх бүх асуудлыг шийдэх хэрэгтэй, төр иргэдийн өмнөөс сайн сайхан нийгмийг цогцлоох үүрэгтэй гэх бодол нь маш том эндүүрэл. Чухамдаа ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хувь хүний өөрөө өөрийнхөө хувь заяаг шийдэх индивид чанарыг дээдлэх нь чухал болохоос биш, эсрэгээрээ бүхнийг чадагч, чөлөөт зах зээлд зүй бусаар “үзэгдэгч гараа” дүрдэг төрийг хүсэмжилж байгаа нь өөрөө ардчилсан үнэт зүйл болоод чөлөөт зах зээлийг уландаа гишгэж байгаа хэрэг юм.
Гэхдээ би төрийн чиг үүргийг бүхэлд нь үгүйсгээгүй. Төр нийгэм дэх амар амгалан байдал, дэг журмыг сахиулах зэвсэгт хүчинтэй байж, хүн хоорондын маргааныг шүүн таслах үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Гагцхүү юунд оролцох, юунд оролцохгүй байхаа мэдэх нь өнөөгийн хамгийн чухал асуудал. Авилгалыг үзэн яддаг хэр нь төрөөс ямар нэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж бүтээн байгуулалт хий гэж шаардаж байвал та логик сэтгэлгээний асар том төөрөгдөлд байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Хүн төрөлхтний хамгийн оргил хөгжил дэвшил чөлөөт зах зээлээс л эхлэлтэй.