Эрчим хүч бол хүн төрөлхтний эдийн засаг - аж үйлдвэрийн суурь салбар бөгөөд эрчим хүчний нөөц нь үйлдвэрлэл, хотжилт, тээвэр харилцаа, цахим технологи зэрэг бүхий л салбарыг тэжээгч хөшүүрэг болдог. Нөгөө талаар эрчим хүч бол үндэсний аюулгүй байдлын тулгуур юм. Ач холбогдлоороо ямар ч улсын стратегийн голлох салбар болохын хувьд тухайн улс орны хөгжлийн түвшинг тодорхойлдог. Манай улсын хувьд:
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ий тоног төхөөрөмжийг 1982 оноос хойш,
- Дулааны 4-р цахилгаан станцын зуухыг 1991 оноос хойш,
- Дулааны 3-р цахилгаан станцын зуухыг 1981 оноос хойш,
- 9 турбины 8-ийг 1979 оноос хойш шинэчлэлт хийгээгүйгээс үзвэл ачааны хүндийг үүрдэг салбараа хөсөр хаясан мэт байна.
Мөн өнгөрсөн өвөл ОХУ эрчим хүчний импортоо хязгаарласнаас үүдэн төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ аваарын нөхцөл байдалд шилжсэн нь Монгол улсын эрчим хүчний салбар гүн хямралд орсныг харуулж байна. МАН 2020 – 2024 оны Засгийн газар эрчим хүчтэй холбоотой 6 заалтыг өрнүүлж дэвшүүлсэн. Үүнээс Үндэсний Аудитын газар 2 заалтыг үнэлж бусад 4 заалтад үнэлгээ өгөх боломжгүй байна гэж үзсэн байна. Харин тухайн 2 заалтын биелэлт нь 13% гэж үзсэн. Мөн 2023 онд эрчим хүчний яамд 256 тэрбум төгрөг төсөвлөчхөөд, соёлын яамд 317 тэрбум төсөвлөсөн нь эрх баригчдын бодлого бодит байдал дээр ямар үр ашиггүй болохыг бидэнд харуулсан.
Эрчим хүчний бодлого гэдэг нь эрчим хүчийг үйлдвэрлэх, хуваарилах, хэрэглэх зэргийг багтаасан эрчим хүчний хөгжлийг хангахад чиглэсэн үйл явцыг хэлнэ. Төрөөс эрчим хүчний чиглэлд баримталж буй бодлогыг:
- Үндэсний монопол загвар
- Үндэсний өрсөлдөөнт / Либерал загвар гэж хоёр ангилдаг.
Үндэсний монопол загвар нь эрчим хүчний нөөцийг төр эзэмшиж, эрчим хүчний салбарын харилцаа бүхэлдээ төрийн хяналтад байдаг. Манай улсын хувьд Үндэсний монопол загвараар эрчим хүчний салбараа удирдан залж явдаг бөгөөд өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн үзвэл үр ашиг битгий хэл жил тутам алдагдалтай ажиллаж байна. Үүний үндсэн шалтгаан нь төрөөс үнийг маш бага түвшинд тогтоон барьж байдаг, ард түмэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэн халамжит төрийн уршиг. Эрчим хүчний үнийг чөлөөт зах зээлийн зарчмаар бус үнийн дээд таазыг тогтоосноор цахилгаан дамжуулах, түгээх шугам хоолойгоо ч шинэчлэх чадамжгүй нөхцөл байдал үүсээд байна. Эрчим хүчний салбарын сүүлийн зургаан жилийн үндсэн үйл ажиллагааны ашиг, алдагдлыг харвал:
- 2018 онд 33.1 тэрбум,
- 2019 онд 59.4 тэрбум, 2020 онд 88.1 тэрбум,
- 2021 онд 77.8 тэрбум,
- 2022 онд 187.4 тэрбум,
- 2023 онд 98.0 тэрбумын алдагдалтай ажиллажээ.
Ийм үед төрөөс шинэ цахилгаан станц барьсан ч алдагдалтай ажилласан хэвээр, ачааллаа дийлэхгүй тогоо тасалсаар л байна. Дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 32-62 жилийн насжилттай байгаа бөгөөд үүний 40% нь ашиглалтын хугацаа хэтэрчээ. Энэ бүх асуудлуудыг 2015 онд Ардчилсан Нам засаг барьж байх үеийн УИХ-аас баталсан “ТӨРӨӨС ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО (2015-2030)” гэх бодлогын баримт бичиг дээр шийдэх шийдлийг олсон нь, “Бодит үнэ тарифын тогтолцоог бий болгож, эрчим хүчний салбарыг эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тусгасан ч зорилтдоо хүрэх алхам огт хийгдээгүй нь сүүлийн 8 жил засаг барьсан МАН-тай холбоотой. Түүгээр ч зогсохгүй, эрх баригчид уг баримт бичгийг хүчингүй болгож, оронд нь 2020 онд батлагдсан “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигтээ эрчим хүчний салбарын үнэ чөлөөлөх, либералчлах агуулгыг тусгаагүй. Мөн нам эвслүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Алсын хараанд нийцүүлж боловсруулах шаардлага тавьсан нь эрх баригчдын увайгүй үйлдэл мөн.
Энгийн хүмүүс эрчим хүчний салбарыг дан ганц цахилгаанаар төлөөлүүлж ойлгоод байдаг. Эрчим хүчний 2 дахь том бүтээгдэхүүн нь дулаан юм. Энэ нь өвөл биднийг халаалтаар хангадаг систем. Тэгэхээр халаалт бол өөрөө маш том зах зээл. Жилд 1 их наядыг төрөөс хамааралтайгаар зохицуулагдаж байна гэсэн үг. Үүнд шахмал түлшинд 500 тэрбум, төрийн өмчид нэгдсэн дулаан үйлдвэрлэх, түгээх компаниудын алдагдалд мөн үүнтэй дүйцэхүйц зардал гардаг. Сүүлийн 20 жил утаатай тэмцэх нэрээр маш олон төслүүдийг төрөөс санаачилсан. 1 их наяд жилд эргэлддэг, хүн ам нэмэгдэхтэй холбоотой өсдөг энэ салбарт яагаад хувийн хэвшил орохгүй байна вэ гэвэл энэ зах зээлийн үнийг нь өртгөөс нь бага байхаар төр зохицуулж байна. Хэрэв хуурамчаар үнийг бага байлгахаа боливол бидэнд өөр халаалтын эх үүсвэрийн сонголт гарч ирнэ. Бодитоор бол эрчим хүчтэй хамт хэрэглээний суурь үнэ болох ус, дулаан, цахилгааны төлбөрийг бид чөлөөлөх шаардлагатай. Ингэснээр бид олон улсын томоохон хөрөнгө оруулагч нарыг татах боломж үүснэ. Зах зээл нь ашигтай ажиллах боломжтой үед хөрөнгө оруулагч орж ирнэ. Үүнтэй хамт алдагдалтай, үр өгөөжгүй ажилладаг төрийн өмчит компаниудын менежментийг хувьчилж сайжруулах шаардлагатай. Жишээ дурдахад манайхтай адилхан ихэнх шугам сүлжээ нь социализмын үед орос стандарт дагаж мөрддөг Узбекистан улсын Ташкент хотод Францын Veolia групп 30 жилийн гэрээ байгуулж ус дулаан түгээх компаниудад нь хувь эзэмшиж оролцохоор болсон. Ингэхдээ Узбекистаны засгийн газартай 3 жил тутамд инфляцтай уялдаатай зах зээлийн хөвөгч үнээр үнэ тохируулах гэрээ хийсэн. Үүнээс харахад хөрөнгө оруулагч нар өөрийн хөрөнгөөр шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлүүдийг хийх ба улсын төсөв шаардлагагүй. Түүнчлэн энэхүү хэрэглээний суурь бүтээгдэхүүнүүд болох ус, дулаан, цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах компаниуд нь зах зээл дээр жилийн борлуулалт нь тодорхой, найдвартай бизнесүүд. Эдгээр компаниуд иргэдэд нээлттэй хувьцаа гаргаснаар та хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийхдээ хурдан хугацаанд амжилт гаргах жижиг СТАРТ-АП компани уу, бага ашигтай ч инфляцын түвшнээс найдвартай дээр байх суурь хэрэглээний ус дулаан түгээх, үйлдвэрлэх станцуудын хувьцааг авч болно.
Эцэст нь, тэг зогсолтоос ард иргэд айж байгаа. Бид бүхэн бөөндөө айж байгаа. Энэ бол иргэдийн хамгийн том асуудал. Ямар нэгэн өөрчлөлт хийхэд золиос заавал гардаг, хүндрэл бэрхшээл гарна. Тийм учир бид нар хүмүүсийн хамгийн хийхийг хүсдэггүй, сонсохыг хүсдэггүй зүйл болох үнэ чөлөөлөлтийг хийхээс өөр арга байхгүй. Энэ дээр бид нар үе шаттайгаар, ард иргэдэд хэтэрхий их дарамт болохгүйгээр ухаалаг үнийн системийг нэвтрүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Үүн дээр нэмээд, бидний баримталж буй үндсэн бодлого бол ганц үнэ нэмээд төрийн том цоорхой сав луу татвар төлөгчдийн мөнгийг хийсээр байх юм бол энэ маань үр дүнд хүрч чадахгүй. Бид засгийн эрхийг сольж, 8 жил дангаараа засагласан эрх баригчдад дүн тавьж, төрийн өмчит алдагдалтай ажилладаг компаниудад үндсээр нь менежментийн түвшний шинэчлэл хийхгүй бол, мөн төсөв нэмэх замаар татвар төлөгчдийн халааснаас мөнгө авсаар байгааг зогсоохгүй бол юу ч олж авч чадахгүй. Тэгэхээр, энэ асуудал дээр иргэд маань маш болгоомжтой хандаж, зоригтойгоор тодорхой шийдлүүдийг санал болгож буй Ардчилсан намыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Би иргэдийнхээ саруул ухаанд итгэж байна!